True

    
UPS буюу Тог баригч гэж юу вэ?
Тог баригч сонгох зөвлөгөө

UPS гэдэг нь "Uninterruptible Power Supplies" буюу үгчилэн орчуулбал "Тасралтгүй цахилгаан хангамж" гэсэн утгатай. Харин үүнийг бид хялбаршуулан “Тог баригч” гэж нэрлэдэг. Тог баригч нь цахилгааны ямар нэгэн гэмтэл согог гарах, тог тасрах үед аливаа цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шаардлагатай тэжээлээр шуурхай ханган ажиллах үүрэгтэй төхөөрөмж юм.

    Жишээ нь: Цахилгаан хүчтэй хэлбэлзэх эсвэл тог тасрахад компьютер шууд унтрах ба шатах тохиолдол гардаг. Энэ нь бидэнд эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй хийсэн ажлын үр дүнгээ хоромхон зуурт алдана гэсэн үг юм. Та өөрийн үнэ цэнэтэй компьютерээ зүгээр нэг ингээд эвдэлчихийг хүсэхгүй байгаа биз дээ? Бага зэргийн хэмнэлт илүү зардал гаргадаг гэдгийг байнга санаарай. 

Тэгвэл тог баригч нь дээрх асуудлыг үгүй болгоход зориулагдан бүтээгдсэн юм.

Нэгдүгээрт, тог баригч нь орж ирж буй хувьсах хүчдэлийг шүүж, тогтворжуулж төхөөрөмжид зөвшөөрөгдсөн эрчим хүчийг тогтвортой ханган ажиллах үүрэгтэй.

Хоёрдугаарт, тог тасрах, цахилгаан тасалдах үед тог баригч нь цахилгааныг даруй нөхөж төхөөрөмж шатах, систем эвдэрч гэмтэх, дата алдах гэх мэт олон аюултай байдлаас хамгаална.

Иймээс та цахилгааны байнгын хэлбэлзэлтэй, тасалдалтай газар ажиллаж амьдардаг бол таны тоног төхөөрөмжийг хамгаалах Тог баригчийг заавал ашиглах ёстой.

Тог баригчийг хэрхэн сонгох вэ?

Тог баригчийг сонгохдоо өөрийн хэрэглээнд тохируулан сонгох хэрэгтэй.

Тог баригч сонгохоосоо өмнө ямар хүчин чадалтай, ямар үнэ өртөгтэй тог баригч таны шаардлагыг хангахыг мэдэж авсан байх шаардлагатай юм. Жишээ нь, хэрвээ танд тогны эрсдлээс хамгаалах өндөр хамгаалалт хэрэгтэй болоод мөн төсөв хангалттай байж чадвал On-Line UPS сонгох нь хамгийн зөв сонголт юм.

Тог баригч авахаар төлөвлөж байгаа бол дараах үзүүлэлтүүдийг чухалчилж үзэх хэрэгтэй.

  • Төрөл – Backup, Line interactive, On-line
  • Чадал – Залгагдах төхөөрөмжийн хэрэглэх чадлаас доод тал нь 20% их байхаар сонгоно
  • Тог барих хугацаа – Тог барих хугацаа нь дотроо хэдэн ампер цагийн хэдэн баттерейтэй ба хувиргагчийн ашигт үйлийн коэфициентээс хамаарна
  • Хүчдэлийн хэмжээ – Залгагдах төхөөрөмжийн хүчдэлээс хамааруулан 220В-220В, 380В-220В, 380В-380В тог баригчуудыг сонгоно
  • Хүчдэл тогтворжуулах муж -  Шугамын хүчдэл 25-30% хүртэл буюу 160В-300В хүртэл хэлбэлзэхэд гаралт дээр 220В ийг хэдэн хувийн хэлбэлзэлтэй барьж чадах үзүүлэлт
  • Үнэ – Он-лайн нь үнэтэй бол офлайн нь хямд. Багтаамж сайтай олон баттерейтэй удаан тог барьдаг байх тусам илүү үнэтэй. Чадал их болох тутам үнэ ихэснэ. 3 фазын (380B) тог баригч нь 1 фаз (220B)-ынхаасаа илүү үнэтэй байна гэх мэт...
  • Баттерей солих боломж – Баттерей нь стандарт хэмжээтэй, олдоцтой байх

  • Удирдах порт, програм хангамж – Тог баригчийн үйл ажиллагааг хянах, баттерей дуусахаас нь өмнө компьютерийг өөрөөр нь унтраах

Ямар төрлийн тог баригч сонгох хэрэгтэй вэ?

Ажиллах технологиос нь хамааруулж үндсэн 3 төрөлд ангилдаг. Онлайн, лайн-интерактив ба офлайн

  • Офлайн (Standby, Backup) технологи нь ихэвчлэн импульсний тэжээлтэй, 4-10 миллисекундийн цахилгааны тасалдалтыг дааж чадах компьютер зэрэг төхөөрөмжүүдэд зориулагдсан. Тог тасраагүй үед шугамын хүчдэлийг гаралтдаа шууд дамжуулж, тог тасарсан үед хувиргагч нь батарейнаасаа 220B-ийн хүчдэл гаргаж ажилладаг. Энэ төрлийн тог баригч нь хямд, тог тасраагүй үед хувиргагч нь ажиллахгүй тул чимээгүй зэрэг давуу талтай. Ер нь тог баригч гэдэг утгаараа л ажилладаг төхөөрөмж. Шугам дээрх элдэв хэлбэлзлүүдийг шүүж чаддагүй, хувиргагч ажиллаж эхлэх хүртэл 4-10мс хугацаа алддаг, хувиргагчаас гарах хүчдэл нь цэвэр синусоид бус тэгш өнцөгт, трапец хэлбэртэй байдаг зэрэг муу талуудтай. Мөн баттерей нь суугаад тодорхой түвшинд хүрэхэд өөрийгөө унтраадаг ба тог буцаж ирсэн тохиолдолд заавал унтраалгаар нь асаах шаардлагатай байдаг.
  • Лайн интерактив технологи (Smart, Digital online, Online interactive, Inline гэх мэтээр ч нэрлэдэг) – Энэ нь офлайн тог баригчийн сайжруулсан хувилбар бөгөөд оролтын хүчдэлийг шууд гаргадаггүй, их бол багасгаж бага бол ихэсгэж (boost\buck) шугамын хүчдэлийн хэлбэлзлийг арай багасгаж өгдөг. Мөн тог тасрахад хувиргагч нь ажиллаж эхлэх хүртэл тодорхой хугацаа алдах боловч офлайныг бодвол богино хугацаа байдаг. Энэ технологийн давуу тал нь онлайн-аас хямд, офлайн-аас илүү хамгаалалт үзүүлж чаддаг. Мөн баттерей нь суугаад тодорхой түвшинд хүрэхэд өөрийгөө унтраадаг ба тог буцаж ирсэн тохиолдолд өөрөө буцаж асах боломжтой байдаг.
  • Онлайн тог баригч нь шугамын цахилгааныг шулуутгаж тогтмол болгоод хувиргагчаар буцаагаад хувьсах болгон гаралтандаа гаргадаг.  Ийнхүү хувиргагч үргэлж ажиллаж байдаг тул он-лайн гэж нэрлэгддэг. Шулуутгасан тогтмол хүчдэлээрээ баттерейгаа цэнэглэнэ. Шугамын цахилгааныг ингэж давхар хувиргаснаар шугам дээр гарч буй бүх хэлбэлзэл, шуугианыг бүрмөсөн шүүж гаралт дээрээ цэвэр синусоид хүчдэл гаргадаг. Офлайн ба Лайн интерактив тог баригч шиг хувиргагч ажиллаж эхлэх хүртэл цаг алдаж хэдэн миллисекундийн тасалдал гаргахгүй. Ийм төрлийн тог баригч нь тог барих, хүчдэл тогтворжуулах, шугамын шуугианыг бүрэн шүүх 3 үүргийг зэрэг гүйцэтгэж хамгийн дээд зэргийн хамгаалалтыг үзүүлнэ. Энэ төрлийн тог баригчид шугаман тэжээлтэй эсвэл маш найдвартай хамгаалалт хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг залгана. Сул тал нь үнэтэй, мөн хувиргагч тогтмол ажиллах тул тогтмол тог иднэ, дуу чимээ гарна.



    
NAS ТУХАЙ ТОВЧХОН
NAS сонгох зөвлөгөө

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.